Бидний тухай

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт харилцагч, хамтрагч, хувьцаа эзэмшигчид, ажилтан, албан хаагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилье. Уул уурхай нүүрс олборлолт, дулаан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баянтээг хувьцаат компани нь 1962 онд байгуулагдсан. Түүхийн хэлхээ болсон 63 жилийн хугацаанд манай байгууллага байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн техник технологи нэвтрүүлж, орон нутаг болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан зогсолтгүй ажиллаж ирсэн. Төвийн болон баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Архангай гэх мэт 15 аймгуудад нүүрс нийлүүлэн борлуулж, дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, аймаг орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж ирсэн. Манай компани сүүлийн жилүүдэд тогтмол Шилдэг татвар төлөгчөөр шалгарч, нийгмийн хариуцлагын хүрээнд ч нийгэм олон нийтэд ээлтэй олон төрлийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Цаашдаа ч хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон ажил бий. Манай уурхай сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 2.02 сая тонн нүүрс олборлон борлуулсан. Үүнээс 2023 онд 70.3 мян тонн нүүрс экспортод гаргасан бөгөөд цааш хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс болоод үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэсэн ч бид үйл ажиллагаа өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтээ сайжруулах, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж, ажиллах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж ажиллаж байна. Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй бүх харилцагч болон хамтран ажиллагч, хувьцаа эзэмшигч нартаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна. Түүнчлэн 63 жилийн түүхийг хамтдаа бүтээж, улс эх орон, орон нутгийнхаа хөгжил дэвшилд өдөр татмын үйлсээрээ үнэтэй хувь нэмэр оруулж байдаг уурхайчид болон үе үеийн ажилтан алба хаагч нартаа эрүүл энх, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАХИРАЛ Ц.БАЗАРРАГЧАА

Бидний үнэт зүйлс ба зорилго

index3-service-img1

Эрхэм зорилго

Бид: Нүүрс олборлолт, баяжуулалт, дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хэрэгжүүлж, Хэрэглэгчдийг тогтвортой, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангаж, Ажилтнууд, хувьцаа эзэмшигчид болон орон нутгийн иргэдэд үнэт баялаг бүтээхийг эрхэмлэнэ.

index3-service-img2

Алсын хараа

Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг дотоодын чанартай, байгальд ээлтэй нүүрс болон дулаанаар найдвартай хангагч тэргүүлэгч уул уурхайн компани болох.

index3-service-img3

Үнэт зүйлс

Хариуцлага – Байгаль орчин, нийгэм, ажилтнуудын өмнө хариуцлагатай үйл ажиллагаа явуулах. Аюулгүй байдал – Хүний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих. Тогтвортой хөгжил – Эдийн засгийн үр ашиг, нийгмийн хөгжил, байгаль орчны хамгааллыг уялдуулах. Ил тод байдал – Нээлттэй, шударга, ил тод удирдлага ба засаглалыг хэрэгжүүлэх. Мэргэшил ба инноваци – Технологийн дэвшил, мэргэжлийн ур чадварт тулгуурлан тасралтгүй сайжрах. Хамтын ажиллагаа – Ажилтнууд, орон нутгийн иргэд, түнш байгууллагуудтай харилцан итгэлцэлтэй хамтран ажиллах.

Танилцуулга

Баян тээг хувьцаат компани нь 1962 онд байгуулагдсанаас хойш уул уурхай нүүрс олборлолт, дулаан үйлдвэрлэл чилэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн техник технолги нэвтэрүүлж, орон нутаг болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж ажллаж байна. Төвийн бүсийн болон баруун бүсийн аймгууд болох Өвөрхангай, Баянхонгор, Архангай гэх мэт 15 аймгуудад нүүрс нийлүүлэн борлуулдаг. 2025 оны байдлаар нийт 63 ажилтантай үйл ажилгаа явуулж байна.

https://www.youtube.com/watch?v=axxJ_dBhOsQ

Түүхэн замнал

"Огтонын нүхэн дэх Хар Алт Хэзээнээс нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд уул ус байгаль, дэлхийгээ таньж мэдэрч, түүнтэй зохицон амьдарч чаддагаараа дэлхий дахинд гайхагддаг билээ. Хүйн барилдлагатай эх байгальтайгаа нийцэн зохицож, ая эвийг нь олж амьдрахын тулд бидний өвөг дээдэс орчлон ертөнцийг үргэлж ашиглаж, нууцад нь нэвтэрч танин мэдэхийг ямагт оролдон, энэ хэрээрээ байгаль эхийнхээ хишиг буяныг зүй зохистой хүртэн аж төрсөөр ирсэн юм. Тэдний нэгээхэн жишээ бол одоогийн Баянтээгийн уурхай орчмоор нутаглаж байсан ардууд. Уурхайн ордыг нээсэн хүн. Өвөг дээдсээсээ өвлөн авсан арга ухаанаар тал нутгаа ажин сонжиж, нүдэнд торох сонин содон бүхнийг алдалгүй шинждэг хөдөөгийнхний зангаар нутгийн ардууд Хөх усны хоолой-д оготно, зурамны нүхнээс хөхөлбөр хар шороо,чулуулаг гарсан байсныг анзааран ажиглаж, олж үзээд, энэ ямар учиртай юм бол, яавчиг энгийн зүйл биш хэмээн сониучирхан хэлэлцсээр ирсэн бөгөөд түүний учрыг олохоор анхлан зүтгэгч нь Н.Жамбалдагва гуай. Төрөл садан, үр удмынх нь зарим хүмүүсийн, тухайлбал төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох Дугарын Гомбодоржийн дурсан ярьж,буйгаар тэрээр малын ажлын зэрэгцээ ур дарах хийдэг, төмрийн дархан, гол төлөв унаж эдэлдэг хоёр шаазгай морьтой, ан ав хийдэг, ах дүүс нь Манжаа гэж хүн авгайлдаг, хуурсан гурил долоож идэх дуртай, монгол бичиг сайн мэддэг, бичгийн чадвар сайтай хүн байсан ажээ. Дархан хүн бурхан ухаантай гэдэгчлэн Н.Жамбалдагва гуай Тээгийн баялгийг анх олж таньж, төр түмний сонорт хүргэж, их ажлын эх ундаргыг нээсэн гавьяатай. Энэ үйл явдал Баянтээгийн уурхай албан ёсоор нээгдэхээс аль өмнө буюу барагцаалбал хорь орчим жилийн тэртээгээс эхэлжээ. Тус газарт нүүрсний орд байж болох ул мөр, баримт мэдээллийг анх дээш өргөн дэвшүүлсэн энэ эрхмийн тухайд үр хүүхдүүд болон нутгийн хүмүүсээс лавлахад Жамбалдагва гуай ерөөс сониуч зантай нэгэн байсан бөгөөд нутаг орныхоо ургамал, амьтан, байгалийн баялгийн талаар ихийг сурвалжлан мэдсэн, өнгө өнгийн ховор содон эрдэс чулуулгийн дээжис бүхий тулам дүүрэн цуглуулгатай хүн байсан. Тэрхүү цуглуулгыг нүүдэл суудлын цагт гэр орныхон нь түвэгшээж тээршаахад илгэн туламтай чулуунуудаа нандигнан, одоо хэрэггүй мэт боловч хожим их хэрэг болох үнэ цэнэтэй эд хэмээн орхиж гээлгүй хадгалж, тээж явдаг нэгэн байсан гэдэг. Биднийг хэдэн жилийн өмнө Баянтээгийн уурхайн ном анх бүтээлээр материал хэрэглэгдэхүүн цуглуулах явцад Н.Жамбалдагва гуайн бэр С.Даваадолгор өөрт хадгалагдаж байсан хадам өвөгийнхөө бичиг баримтуудаас бидэнд авчирч өгсөн нь тус нүүрсний ордийг анх илрүүлсэн хүнийг хайж олох гэсэн бидний эрлийг үндсэнд нь сухарласан юм. Өнгөц харахад байдаг л хэдэн бичиг цаас мэт боловч сайтар мөшгөн үзвэл бүхэл бүтэн уурхайн тосгоны түүхийн эх авсан анхдагч цэгийг тогтоож өгөх үнэ цэнэтэй тэрхүү түүхийн баримтуудыг эрхэмлэн хадгалж, цаг нь ирсэн үед түмний хүртээл болгоё хэмээн бидэнд авчирсан Даваадолгор эгчид талархаад баршгүй. Хамгийн гол нь эх түүхээ, эцэг өвөгдөө эрхэмлэн дээдэлдэг монгол хүний сайхан чанарын нэгэн жишээг энэ эгчээс олж харсандаа бид хамгийн ихээр баярласан юм. Энэ бол уурхайн түүхэнд түүний оруулсан гарцаагүй том хувь нэмэр гавьяа зүтгэл. Баянтээгийн уурхайн түүхийн хуудсанд мөнхлөгдөх учиртай тэрхүү баримтуудын дунд дээр дурдсан мэдээллүүдээс гадна Н.Жамбалдагва гуай хожим Өвөрхангай аймгийн Орон нутгийг судлах кабинет музейн идэвхтэн сурвалжлагчаар олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, олон сайшаал, шагнал хүртэж байсныг гэрчлэх эрхийн бичиг, хүндэт үнэмлэх, сайшаалын үнэмлэх нэлээдгүй байсан юм. Юутай ч тэрээр иргэний хувьд идэвх зүтгэлтэй, уул, ус газар нутагтаа хайртай, түүний нууцыг сонирхон судлагч, нийгмийн өмнө хариуцлагатай хүн байв. Тэрээр Хөх усны хоолойгоос одоогийн уурхайн конторын урдхантай оготно, зурамны нүхнээс гарсан чулуун нүүрсний хэсгийг анх олж, улмаар холбогдох дээд газарт мэдэгдэн, мэргэжлийн хүнээр үзүүлэн магадлуулах талаар хүсэлт гаргаж, нэлээн хүч анхаарал тавьсан нь уурхай нээгдэх үндсэн шижим болсон байна. Н.Жамбалдагва гуайн мэдээллийн дагуу орд баялгийг шинжлэх ухааны үүднээс магадлан баталгаажуулахаар хайгуул шинжилгээний анги тус бүр нутагт ажиллан Баянтээгийн нүүрсний ордыг албан ёсоор баталгаажуулан тогтоосон юм. Баянтээгийн уурхай байгуулагдсаны дараа 1963 оны сүүлээр Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны Хариуцлагатай нарийн бичгийн дарга н.Зэвгээ Баянтээгийн уурхайн захиргаанд №2768 тоот албан бичиг явуулж, уурхайг анх хэн олж илрүүлснийг магадлан тогтоох үүрэг даалгавар өгчээ. Энэ дагуу уурхайн дарга Д.Цоодол уг асуудлыг сурвалжлан тодруулах зарим арга хэмжээ авч, тодорхой хариуг 1964 оны 1-р сарын 6-нд №206 дугаар бүхий албан бичгээр хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт 1940-өөд оноос энэ газрыг нүүрстэй юм гэдгийг мэдэж, хамгийн анхан нээж олсон бөгөөд түүнийг улс эх орон ашиглах нь зүйтэй юм гэсэн саналаа тавьж байсан хүн бол нөхөр Нарангийн Жамбалдагва мөн гэж дурдсан байна. Ингэхдээ Д.Цоодол гуайн асуудалд нэлээд нухацтай хандаж, орон нутгийн өвгөд хөгшид, ардуудаас энэ талаар судлан тодруулахын зэрэгцээгээр Нарийнтээлийн 2-р бригадын хөдөлмөрчдийн хуралд оролцсон 60 гаруй хүмүүсээр хэлэлцүүлэн, Д.Дагвадорж, Р.Галсандоной, Ч.Борбандьд нарын зэрэг 10 гаруй хүмүүсийн батлан тодорхойлж хэлсэн саналд тулгуурласан ажээ. Үүнийг бидний уулзсан Нарийнтээл сумын Баянтээг багийн ард олон, тухайлбал, өндөр настан Ц.Даваахүү, Б.Шоовдор нарын зэрэг олон хүн мөн нэгэн дуугаар давхар батлан өгүүлцгээж байв. Тийм ч учраас Баянтээгийн уурхай байгуулагдсаны дараа түүнд тусгайлан баярын бичиг, мөнгөн шагнал олгосон ба баримт нь эдүгээ Н.Жамбалдагва гуайн үр хүүхдүүдэд хадгалагдаж байна. Тэрхүү Баярын бичиг-ийн үгийг толилуулбал, БНМАУ-ын Геологийн Яамны харьяа Баянхонгор аймаг дахь Геологийн Удирдах Газраас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2-р бригадын ард Наран овогтой Жамбалдагва нь Геологийн ажилд иргэний ёсоор ажиллаж анх 1940 онд Баянтээгийн нүүрсний ордыг илрүүлсэн явдлыг өндрөөр үнэлж, 1000 төгрөгөөр шагнаж баярын бичгээр шагнав гээд дарга Гэндэнсэнгээ, ерөнхий инженер Хуажин нар гарын үсэг зурсан байх аж. Энэ бүхнээс үзэхэд Баянтээгийн чулуун нүүрсний орд газрыг анх таньж мэдсэн, уурхайн ордыг нээсэн хүн бол нутгийн иргэн Н.Жамбалдагва гуай гэж хэлж болно."

Судлагдсан байдал

"Баянтээгийн нүүрсний ордыг судалсан нь Баянтээгийн орд газрын нөөцийг тогтоох хайгуул судалгааны ажил 1961 оноос эхэлжээ. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ, 1961 оны 4-р сарын 26-ны өдөр 191/142 тоот тогтоол гаргаж, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын дунд байгаа Шагайн тээгийн нүүрсний ордод тэргүүн ээлжинд шинжилгээ хийж, 1961 оны 10-р сард багтаан уг нүүрсийг ашиглуулах арга хэмжээ авахыг Аж Үйлдвэрийн Яам, Геологи Шинжилгээний Газарт даалгажээ. Тэр үед эл уурхайн тухайд нарийвчилсан хайгуул судалгаа, үйлдвэрлэлийн эцсийн дүгнэлт,үнэлгээ хийгдээгүй байв. Тиймээс шинжлэх ухааны үндэстэй геологи хайгуулын нарийн шинжилгээ явуулж,уурхай нээн ашиглах тооцоо судалгаа хийсэн байна. Улсын Архивд хадгалагдаж буй танилцуулга материалаас үзэхэд анх 1961 онд Зөвлөлтийн мэргэжилтэн,геологич В.Ф.Черповскийгээр удирдуулан Улсын Геологийн 340-р анги энэ орд дээр эрэл хайгуулын ажлыг анх удаа явуулж, орд уурхайн үндсэн шинж, онцлог, нөөц, ашиглах боломж, нөхцөл зэргийг тодорхойлох ажлыг хийжээ. Улсын Геологийн 340-р анги энд ажиллаж байсан талаар тэр үед Талбулагт нутаглаж байсан нутгийн уугуул Дашдоржийн Галсангэлэг өдгөө нутгийн айлууд геологийн ангийн хүнсийг нийлүүлж байсан юм. Тухайлбал, манайх Дашдоржийнх, Даваасамбуу, Дашдондов зэрэг айлууд цагаан идээ,идэшний мал,айргийг нь нийлүүлдэг байв. Тэр үед би тэдэнд идээ цагаа хүргэж өгдөг байсан ба тэгээд геологийн ангийнхантай танилцаж, хот хүрээ явж сургуульд ормоор байна гэдгээ хэлж ярьдаг байв. 1961 оны 8-р сард уг анги ажлаа дуусгаад хот руу буцахад нь би хамт явснаар геологийн байгууллагатай миний ажил,амьдрал холбогдсон юм, хэмээн дурсан өгүүлж байна. В.Ф.Черповскийн удирдсан геологийн ангийн тэр үед хийсэн судалгаагаар,нүүрсний ордын 13.95 метрийн зузаан,өмнө зүг рүү 24 градусын уналттай давхаргыг нээж, 3.5 сая тонн нүүрсний нөөцийг тогтоосон байна. Анх ордны нөөцийг ил уурхайгаар ашиглахад зориулан 1740 гаруй метрийн горизонт хүртэл бодож,зэрэглэл тус бүрээр, Нүүрсийг: А”В”С1”С2” гэсэн зэрэглэлд хувааж үздэг, тооцон бүгд 3.5 сая гаруй тн А-2444.2 мян.тн:В-663.2 мян.тн С1-396.3 мян.тн=3503.7 мян.тн гэж тогтоож байжээ. Улмаар Баянтээгийн орд газрын хэсэгчилсэн талбайд хийсэн геологийн судалгааны хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан нүүрсний нөөцийн судалгааг 1960-аад оны дунд үед С.Жагар, Яковлев нар анх тусгайлан хийж, 26.7 сая тн гэж тогтоосон ба үүнийг дараа нь Эрдэнээ, Шахов, Цадер нар мөн дахин багтсан байна. Гэхдээ энэ нь нүүрсний давхарга агуулсан Юрийн галавын хурдас тархсан ордын нутаг дэвсгэрийн зөвхөн зүүн хэсэгт, 60-80 м хүртэл гүнд эрэл хайгуулын ажлыг явуулж, шууд ашиглах боломжтой ашигтай ганц давхарга илрүүлээд байх үед гаргасан судалгаа юм. Тиймээс ч тэр үед цаашдын хайгуулын ажлыг ордоос баруун тийш, урагш гүн өрөмдлөгийн тусламжтайгаар явуулах үндсэн дээр өөр ашигтай давхраас илрүүлэх, талбайг нэмэгдүүлэх бүрэн боломжтой хэмээн үзэж, урьдчилсан байдлаар Баянтээгийн ордны нүүрсний таамагласан нөөцийг 100 сая тн хэмээн тогтоосон ажээ. Ер нь энэ бүс нутгийн орд газруудын нөөц нь хэсэгчилсэн талбайд хийгдсэн хайгуулын ажлаар тооцоологдсон учир шаардлагатай үед нөөцийг өсгөх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Баянтээгийн нүүрсний ордын 1978 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулаар нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэн 29.6 сая/тн-оор дахин тогтоосон байна.Энэ үед ордын нөөцийн хэмжээг нэлээд баталгаажуулан цооногийн нягтаршлыг харьцангуй сайжруулсан бөгөөд үүний үндсэн дээр нөөцийг тооцоолжээ. Нүүрсний давхарга нь үндсэндээ энгийн тогтоцтой чулуулгийн 1-7 үенцэртэй, үенцэрийн зузаан 0.20-0.9 метр юм. Тиймээс эл нүүрсний уурхай нь Хангайн бүсийн түлшний томоохон эх үүсвэр болох бөгөөд Өвөрхангай,Архангай,Баянхонгор,зэрэг аймгуудыг нүүрсээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж иржээ.Одоогоор энэ уурхайтай өрсөлдөхүйц хэмжээний нүүрс, түлшний эх үүсвэр энэ бүс нутагт олдоогүй байгаа нь түүний цаашдаа ч өргөжин тэлэх ирээдүйтэйг харуулж байна.Монгол улсын ерөнхийлөгч асан эрдэмтэн П.Очирбат Баянтээг зэрэг Онгийн голын сав газарт багтах нүүрсний ордуудын үндсэн давхраасууд нь 14-50 м хүртэл зузаантай, бусад газруудтай харьцуулахад нүүрс нь онцлог найрлагатай, сайн чанарын түлш болохоос гадна химийн үнэт түүхий эд болох төлөвтэй хэмээн тэмдэглэсэн байдаг."