Нүүрс боловсруулах үйлдвэрийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянтээгийн нүүрсний уурхайд нүүрс боловсруулах үйлдвэрийг барьж байна.
Нүүрсийг коксжуулж, бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх нээлттэй тендерийг энэ оны 5 сард зарласан бөгөөд “Баялаг-Эрдэнэ цом” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр ажиллаж байгаа юм. Үйлдвэрийн барилгын гүйцэтгэл 90 хувьтай байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор цагт 20-30 тонн сайжруулсан бүрэн шаталттай түлш үйлдвэрлэж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.
Баянтээгийн нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны дэргэд Нүүрс борлуулах цэг байгуулахаар газрын асуудлыг шийдвэрлээд байгаа аж. Мөн “Хөх нүүрс” ХХК-иар дамжуулан 500 тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлэх гэрээ хийжээ.